Mongolian Terms · version 6

Смарт Хабын үйлчилгээний нөхцөл

ОБОРТЕЧ МОНГОЛИА ХХК2026-11-06

Read the global Terms in English (OBORTECH POLAND sp. z o.o.)

OBORTECH Смарт Хаб · Үйлчилгээний нөхцөл

ДООРХ НӨХЦӨЛҮҮД НЬ ТА БОЛОН СМАРТ ХАБЫН ХООРОНД БАЙГУУЛАГДАХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ БОЛНО. СМАРТ ХАБД ХАНДАЖ, ТҮҮНИЙГ АШИГЛАСНААР ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ БҮРЭН ТАНИЛЦАЖ, ОЙЛГОН, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БӨГӨӨД ХОЛБОГДОХ БҮХ ХУУЛЬ ТОГТООМЖ, ДҮРЭМ ЖУРМЫГ ДАГАЖ МӨРДӨХӨӨР ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭНД ТООЦНО.

ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ СМАРТ ХАБЫГ АШИГЛАХГҮЙ БАЙХЫГ ТАНД ЗӨВЛӨЖ БАЙНА. СМАРТ ХАБ НЬ ТАНД МЭДЭГДЭЛ ӨГСНИЙ ҮНДСЭН ДЭЭР ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БОЛОН СМАРТ ХАБД АГУУЛАГДАХ БУСАД АЛИВАА МЭДЭЭЛЛИЙГ (СМАРТ ХАБЫН БЛОКЧЕЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭГДСЭН МЭДЭЭЛЛЭЭС БУСАД) ХЭДИЙД Ч ӨӨРЧЛӨХ, ШИНЭЧЛЭН НАЙРУУЛЖ БОЛНО. ТҮҮНЧЛЭН СМАРТ ХАБ НЬ УРЬДЧИЛАН МЭДЭГДЭЛ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙГЭЭР СМАРТ ХАБД ТОДОРХОЙЛСОН СИСТЕМ, ҮЙЛЧИЛГЭЭ, ПРОГРАМ ХАНГАМЖИД АЛИВАА САЙЖРУУЛАЛТ, ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БОЛНО. БИД ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭДЭГ БӨГӨӨД GDPR (ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ЖУРАМ)-ЫГ ДАГАЖ МӨРДДӨГ ТУЛ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ТАЛААР ТАНААС САЙН ДУРЫН ЗӨВШӨӨРӨЛ АВАХЫГ ХҮСЭЖ БАЙНА. “ЗӨВШӨӨРЧ БАЙНА” ТОВЧИЙГ ДАРСНААР ТА СМАРТ ХАБЫГ АШИГЛАХ ХҮРЭЭНД ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХАД САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН, МӨН ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ БҮРЭН ТАНИЛЦАЖ, ОЙЛГОН, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БӨГӨӨД ХОЛБОГДОХ БҮХ ХУУЛЬ ТОГТООМЖ, ДҮРЭМ ЖУРМЫГ ДАГАЖ МӨРДӨХӨӨР ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭНД ТООЦНО. ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРӨХИЙН ӨМНӨ СМАРТ ХАБААС ТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ АВАХЫН ТУЛД МАНАЙ НУУЦЛАЛЫН БОДЛОГОТОЙ ТАНИЛЦАНА УУ.

ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ ЗААВАЛ ГАРЫН ҮСЭГ ЗУРСНААР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ ШААРДЛАГАГҮЙ. ТА СМАРТ ХАБД БҮРТГҮҮЛЭХ, ӨӨРИЙН БҮРТГЭЛТЭЙ ХАЯГИЙГ НЭЭХ, ЭСХҮЛ БАРИМТ БИЧИГ, МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ҮЕДЭЭ “ЗӨВШӨӨРЧ БАЙНА” (ЭСХҮЛ ҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТОВЧ, СОНГОЛТЫН НҮД) ДЭЭР ДАРСНААР ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ БҮРЭН ЗӨВШӨӨРЧ, ГАРЫН ҮСЭГ ЗУРСАНТАЙ АДИЛ ТООЦОГДОНО.

1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Смарт Хаб (“Смарт Хаб” гэх) нь бизнесийн байгууллагуудад зориулсан, блокчейн сүлжээнд суурилсан цахим хамтын ажиллагааны экосистем юм. Польш Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани болох OBORTECH POLAND sp. z o.o нь Смарт Хабыг цор ганц өмчлөгч, хөгжүүлэгч байна. Энэхүү Гэрээ нь Та болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан, Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Тэнгэр дээд сургуулийн байр хаягт бүртгэлтэй, улсын бүртгэлийн дугаар 9011765142, регистрийн дугаар 6371159 бүхий, Гүйцэтгэх захирал Б.Тамир төлөөлж буй ОБОРТЕЧ МОНГОЛИА ХХК (“Компани” гэх)-ийн хооронд байгуулагдана. Компани нь OBORTECH POLAND sp. z o.o-оос олгосон эрхийн үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Смарт Хабын үйлчилгээг үзүүлнэ. Цахим шуудангийн хаяг: info@obortech.io Смарт Хабыг түүний вэб болон гар утасны интерфейсээр шууд, эсхүл энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 15 дугаар зүйлд заасан Холбогдсон аппликейшнээр дамжуулан ашиглаж болно. Холбогдсон аппликейшн нь түүнийг Компани ажиллуулж байгаа тохиолдолд ч Смарт Хабын бүрэлдэхүүн хэсэг болохгүй бөгөөд түүнд боловсруулж буй хувийн мэдээллийг Смарт Хабаас гадна хадгална.

Компани нь доор заасан Үйлчилгээний нөхцөлийн дагуу Смарт Хабд хандах эрхийг олгох эрхтэй.

Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх, мөн зохиогчийн эрх, барааны тэмдэг болон өмчийн эрхийн бусад бүх тэмдэглэгээг бүрэн бүтэн хэвээр хадгалах нөхцөлөөр Компани нь Танд Смарт Хабын гишүүний хувиар Смарт Хабд хандаж, ашиглах онцгой бус, бусдад шилжүүлэх боломжгүй, хязгаарлагдмал зөвшөөрөл олгоно.

Компани нь Танд аливаа патент, барааны тэмдэг, зохиогчийн эрх, эсхүл өмчийн болон оюуны өмчийн бусад эрхийн дагуух шууд болон шууд бус эрх, лиценз олгохгүй. Та Смарт Хаб дах аливаа контентыг өөр вэбсайт эсхүл бусад хэрэгслээр хуулбарлан түгээхийг хориглоно. Смарт Хабаас татан авах, хандах эсхүл өөр байдлаар ашиглах боломжтой, өөрийн гэсэн лицензийн нөхцөлтэй аливаа програм хангамж болон бусад материалын хувьд тухайн нөхцөл, болзол, мэдэгдлийг давхар баримтална. Тэдгээр нөхцөл эсхүл Смарт Хаб дах бусад аливаа нөхцөлийг зөрчсөн нь Танд олгосон аливаа эрхийг урьдчилан мэдэгдэлгүйгээр автоматаар цуцлах үндэслэл болох бөгөөд Та өөрийн эзэмшил, хадгалалт, хяналтад байгаа татаж авсан материалын бүх хуулбарыг нэн даруй устгах үүрэгтэй.

Смарт Хабыг ашиглах Таны эрх нь дараах ашиглалтын хүрээг хамарна: (1) оруулах, харуулах, ашиглах болон төхөөрөмжийн санах ойд хадгалахыг оролцуулан хадгалах, (2) орчуулах, (3) Смарт Хабыг эхлүүлэх, ажиллуулах болон төхөөрөмжийн санах ойд хадгалахад зайлшгүй шаардлагатай хэмжээгээр хуулбарлах. Смарт Хабд хандах эрх авч, Смарт Хабын гишүүнээр (“Гишүүн” гэх) бүртгүүлэхийн тулд Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг байгуулах эрх зүйн бүрэн чадвартай болохоо үүгээр мэдэгдэж, баталгаажуулна. Хэрэв Та өөрийн ажил олгогч эсхүл бусад хуулийн этгээдийн цахим шуудангийн хаягийг ашиглан Смарт Хабд бүртгүүлж байгаа бол тухайн байгууллагын нэрийн өмнөөс бүртгэлийн хаяг үүсгэх бүрэн эрхтэй гэдгээ мэдэгдэж байгаа бөгөөд ингэснээр (а) Та тухайн этгээдийг төлөөлж байгаад тооцогдоно, (б) Таны зөвшөөрсөн товч дээр дарсан үйлдэл нь Таны ажил олгогч эсхүл тухайн байгууллагад энэхүү Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх үүрэг үүсгэнэ, мөн (в) энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан “та” гэх нэр томьёо нь Таны ажил олгогч эсхүл тухайн байгууллагыг илэрхийлнэ.

“Та” гэх нэр томьёо нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч буй Таны төлөөлж байгаа хуулийн этгээдийг, харин ийнхүү төлөөлөх нөхцөл байхгүй бол Таныг хувь хүний хувиар илэрхийлнэ.

Энэхүү Үйлчилгээний нөхцөлд Та болон Смарт Хаб буюу Компанийг хамтад нь “Талууд” гэв.

2. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ БА АШИГЛАЛТЫН БОДЛОГО

2.1. Нууцлал нь Компанийн хувьд нэн чухал ач холбогдолтой. Бид өөрийн сервер, сүлжээнд хадгалагдсан буюу хадгалагдахаар төлөвлөгдсөн, хувь хүнд хамаарах мэдээллийг хамгаалахын ач холбогдлыг сайтар ойлгодог. Бидний хамгаалдаг мэдээлэл нь тодорхойлогдсон буюу тодорхойлох боломжтой хувь хүнд, зарим тохиолдолд мэдээллийн эзэн гэж нэрлэгддэг этгээдэд хамаарах аливаа мэдээлэл болох Хувийн мэдээлэл бөгөөд Хувийн мэдээллийн нууцлал, хамгаалалтыг хангах нь бидний бизнесийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг юм. Манай Хувийн мэдээллийн нууцлал ба ашиглалтын бодлого (“Нууцлалын бодлого” гэх) нь Та манай үйлчилгээг ашиглах үед Таны мэдээллийг цуглуулах, ашиглах, задруулахтай холбоотой бодлого, журмыг тодорхойлж, Таны нууцлалын эрх болон хууль тогтоомж Таныг хэрхэн хамгаалдаг тухай тайлбарлана.

2.2. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн “Хувийн мэдээлэл” гэх нэр томьёо нь тодорхойлогдсон буюу тодорхойлох боломжтой хувь хүнд хамаарах аливаа мэдээллийг хэлнэ; тодорхойлох боломжтой хувь хүн гэдэгт нэр, таних дугаар, байршлын мэдээлэл, цахим танигч, эсхүл тухайн хүний бие махбод, физиологи, генетик, сэтгэц, эдийн засаг, соёл, нийгмийн онцлогийг илэрхийлэх нэг буюу хэд хэдэн хүчин зүйлээр шууд буюу шууд бусаар тодорхойлж болох хүнийг ойлгоно.

2.3. Гишүүний Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлэх болон Смарт Хабаас үзүүлэх үйлчилгээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай болохыг Та ойлгож байна. Смарт Хабыг ашигласнаар Таны Хувийн мэдээллийг ОБОРТЕЧ МОНГОЛИА ХХК болон OBORTECH POLAND sp. z o.o (хамтад нь “Обортеч Групп” гэх) цуглуулж, боловсруулж, ашиглаж болохыг Та ойлгож байна. Компани Смарт Хабд мэдээлэл хариуцагчийн хувиар зөвхөн 4.4-т заасан Бүртгэлтэй хаягийн мэдээллийг боловсруулна. Зөвхөн Холбогдсон аппликейшн ашигладаг хүн Смарт Хабын бүртгэлтэй хаяггүй байх бөгөөд түүний Хувийн мэдээллийг Смарт Хабд боловсруулахгүй. Компани Холбогдсон аппликейшнийг ажиллуулж байгаа тохиолдолд түүнд хадгалагдах Хувийн мэдээллийг 15 дугаар зүйл болон Хавсралт 1-ийн дагуу Гишүүний өмнөөс боловсруулна.

2.4. Хувийн мэдээлэл нь Смарт Хабаас Танд үзүүлэх үйлчилгээтэй холбоотойгоор цаашид шаардлагагүй болсон тохиолдолд Та Смарт Хабын үйлчилгээнд хадгалагдаж буй өөрийн Хувийн мэдээллийг нэн даруй устгуулахыг биднээс шаардах эрхтэй.

2.5. Та Смарт Хабын үйлчилгээг ашиглах үед Таны Хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, задруулахтай холбоотой бодлого, журмыг тодорхойлсон манай Нууцлалын бодлоготой танилцана уу. Хэрэв Та манай Нууцлалын бодлоготой санал нийлэхгүй бол Смарт Хабыг ашиглах ёсгүй.

3. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ, БАЙРШУУЛАХ ТАЛААРХ ТУСГАЙ НӨХЦӨЛ

3.1. Гишүүн нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн (2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй, цаашид “Хувийн мэдээллийн хууль” гэх) үйлчлэлд хамаарах этгээд бол өөрийн боловсруулж буй хүний хувийн мэдээллийн хувьд мэдээлэл хариуцагч байх бөгөөд Смарт Хабыг ашиглах үед ч мэдээлэл хариуцагч хэвээр байна. Смарт Хабд мэдээлэл байршуулсан нь уг байдлыг, эсхүл Гишүүний Хувийн мэдээллийн хууль болон GDPR-ын дагуу хүлээх аливаа үүргийг Компанид шилжүүлэх үндэслэл болохгүй. Энэ заалт Холбогдсон аппликейшнд, түүний дотор 15 дугаар зүйлд заасан Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшнд боловсруулж буй хүний хувийн мэдээлэлд адил хамаарна.

3.2. Гишүүн нь хүний хувийн мэдээлэл, түүнчлэн Смарт Хабд ашиглаж буй код, дугаар эсхүл нэрлэсэн тэмдэглэгээг тодорхойлж болох хувь хүнтэй холбож буй аливаа файл, хүснэгт, түлхүүрийг (цаашид “Холбоос файл” гэх) зөвхөн өөрийн байранд, өөрийн бүрэн хяналтад байгаа системд, эсхүл 15 дугаар зүйлийн дагуу Холбогдсон аппликейшний Тусдаа дэд бүтцэд хадгална. Гишүүн хүний хувийн мэдээлэл болон Холбоос файлыг Смарт Хабд байршуулахгүй.

3.3. Гишүүн хүний хувийн мэдээллээс үүдэлтэй мэдээллийг Смарт Хабд бүртгэх шаардлагатай бол уг мэдээллийг эхлээд Хувийн мэдээллийн хуулийн 4.1.13-т заасны дагуу хүнийг тодорхойлох боломжгүй болгох, эсхүл танигч бүрийг код, дугаар эсхүл нэрлэсэн тэмдэглэгээгээр солино. Ийнхүү сольсныг эргүүлэн тайлахад шаардагдах аливаа түлхүүр нь Холбоос файлд хамаарах бөгөөд түүнд 3.2-т заасан журам үйлчилнэ. Холбогдсон аппликейшн нь танигчийн оронд зөвхөн 15.1-ийн (е)-д заасан Лавлах кодыг Смарт Хабд илгээх байдлаар энэ заалтыг өөрийн бүтцээр хэрэгжүүлнэ.

3.4. Смарт Хаб нь OBORTECH POLAND sp. z o.o-ийн өмчлөлд байх бөгөөд Смарт Хабд байршуулсан мэдээлэл Польш Улсад хадгалагдах, эсхүл тэндээс хандах боломжтой байдаг. Иймд Компани нь Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд боловч Смарт Хабд хүний хувийн мэдээлэл байршуулах нь Хувийн мэдээллийн хуулийн 14 дүгээр зүйлд заасан утгаар уг мэдээллийг гадаад улс дахь хүн, хуулийн этгээд болон олон улсын байгууллагад дамжуулсанд тооцогдохыг Гишүүн хүлээн зөвшөөрч байна. Хууль, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээнд заасан, эсхүл мэдээллийн эзэн зөвшөөрөл өгсөн тохиолдлоос бусад үед Гишүүн ийнхүү дамжуулахыг хориглоно. Уг зөвшөөрлийг авах, баримтжуулах, нотлох баримтыг хадгалах үүргийг Гишүүн дангаараа хариуцна. Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшний Тусдаа дэд бүтэц Монгол Улсаас гадна байрлах, эсхүл гадаад улсын туслан боловсруулагч ашиглаж байгаа тохиолдолд түүнд хадгалах хүний хувийн мэдээлэлд энэ заалт адил хамаарах бөгөөд Хавсралт 1-ийн 7 дахь заалт үйлчилнэ. Хавсралт 1 нь Хувийн мэдээллийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан гэрээ болох бөгөөд хүний хувийн мэдээллийг Смарт Хабд байршуулахыг зөвшөөрөхгүй.

3.5. Гишүүн нь Хувийн мэдээллийн хуулийн 4.1.12-т заасан хүний эмзэг мэдээлэл, тухайлбал үндэс угсаа, шашин шүтлэг, эрүүл мэнд, удамшлын болон биометрик мэдээлэл, ял шийтгэлийн бүртгэл, бэлгийн чиг баримжааны талаарх мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Смарт Хабд байршуулахгүй. Хувийн мэдээллийн хуулийн 9.2-т заасан үндэслэл Гишүүнд байгаа бөгөөд Хавсралт 1-ийн А хэсэгт тусгаагүй бол Холбогдсон аппликейшн эмзэг мэдээлэл боловсруулахгүй бөгөөд эмзэг мэдээллийг Смарт Хабд хэзээ ч илгээхгүй. Эмзэг мэдээллийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах, эмзэг мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан Тусдаа дэд бүтцэд боловсруулж болно.

3.6. Смарт Хабын блокчейн сүлжээнд бүртгэгдсэн мэдээллийг Компани болон Гишүүний аль нь ч өөрчлөх, устгах боломжгүй болохыг Гишүүн хүлээн зөвшөөрч байна. Иймд уг сүлжээнд бүртгэгдсэн хүний хувийн мэдээллийг залруулах, устгах боломжгүй бөгөөд Гишүүн мэдээллийн эзний залруулах, устгах тухай хүсэлтийг уг мэдээллийн хувьд биелүүлэх боломжгүй болно. Гишүүн блокчейн сүлжээнд бүртгэгддэг аль ч талбарт хүний хувийн мэдээлэл оруулахгүй. Энэ заалт Холбогдсон аппликейшнээс илгээсэн Смарт Хабын бүртгэлд адил хамаарна.

3.7. Компани нь Гишүүний баримт мэдээлэлд хүний хувийн мэдээлэл агуулагдсан эсэхийг шалгахгүй бөгөөд Гишүүний баримт мэдээлэл ийм мэдээллээс ангид байх талаар ямар нэгэн баталгаа гаргахгүй. Гишүүн энэхүү 3 дугаар зүйлийг зөрчсөн нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөнд тооцогдох бөгөөд 9 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөрийн журам түүнд хамаарна.

3.8. Холбогдсон аппликейшнд боловсруулах хүний хувийн мэдээлэлд 15 дугаар зүйл болон Хавсралт 1 үйлчилнэ. 15 дугаар зүйл болон Хавсралт 1-ийн аль ч заалтыг хүний хувийн мэдээллийг Смарт Хаб болон түүний блокчейн сүлжээнд байршуулах, бүртгэхийг зөвшөөрсөн гэж ойлгохгүй.

4. СМАРТ ХАБД БҮРТГҮҮЛЭХ БА АШИГЛАЛТЫН ХҮРЭЭ

4.1. Смарт Хаб болон түүний системд хандахын тулд Та нэвтрэх нэр, нууц үг үүсгэн Смарт Хабын бүртгэлтэй хаяг нээх ёстой. Нэвтрэх нэр, нууц үг үүсгэхдээ Хэрэглэгч хувийн мэдээлэл агуулсан үг, үсэг, тэмдэгт, эсхүл тэдгээрийн хослолыг ашиглаж болохгүй. Хувийн мэдээлэлд Хэрэглэгчийн хууль ёсны бүтэн нэр, регистрийн дугаар, гар утасны дугаар, оршин суугаа хаяг болон бусад хувийн мэдээлэл багтана. Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгээр дамжуулан хийгдсэн бүх үйл ажиллагааны хариуцлагыг Хэрэглэгч өөрөө бүрэн хүлээнэ. Смарт Хабыг зөвхөн Холбогдсон аппликейшнээр дамжуулан ашигладаг хүнд Смарт Хабын бүртгэлтэй хаяг шаардлагагүй бөгөөд тухайн хүн Холбогдсон аппликейшнд түүний Тусдаа дэд бүтцээр дамжуулан нэвтэрнэ.

4.2. Хэрэв Та зохицуулагч ажилтан бол, эсхүл Гишүүний нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхтэй болохоо бичгээр баталгаажуулсан бол Та тухайн Гишүүний нэрийн өмнөөс шийдвэр гаргах бүрэн эрхтэй болохоо мэдэгдэж, баталгаажуулсанд тооцогдох бөгөөд Смарт Хаб Таны зааварчилгааг үндэслэн ажиллах эрхтэй болохыг зөвшөөрч байна.

4.3. Смарт Хаб нь Танд даалгавар үүсгэх, холбогдох мэдээлэл, текст, файл, баримт бичиг болон бусад материалыг (“Гишүүний баримт мэдээлэл” гэх) оруулах, байршуулах, мөн Гишүүний баримт мэдээллийг гуравдагч этгээдийн аливаа эрхийг зөрчихгүйгээр Смарт Хабын бусад гишүүдтэй хуваалцах боломжийг олгоно.

4.4. Та Смарт Хабыг ашиглах явцад бид бүртгэлтэй хаягийг ажиллуулахад шаардлагатай хязгаарлагдмал Хувийн мэдээлэл болох нэвтрэх нэр, мэдэгдэл хүлээн авах цахим шуудангийн хаяг эсхүл гар утасны дугаар, техникийн хандалтын бүртгэлийг (“Бүртгэлтэй хаягийн мэдээлэл” гэх) өгөхийг Танаас хүсэж болно. Бид үүнээс өөр Хувийн мэдээлэл хүсэхгүй бөгөөд Та үүнээс өөр Хувийн мэдээллийг Смарт Хабд оруулахгүй.

4.5. Гишүүний баримт мэдээлэлд хэн, ямар зорилгоор хандах, түүнийг үзэх эрхтэйг Та тодорхойлох эрхтэй.

4.6. Та Смарт Хабд өөрийн оруулж, хадгалуулсан Гишүүний баримт мэдээллээс үүдэн гарах аливаа үр дагаврыг бүрэн хариуцна.

4.7. Интернэт болон Смарт Хаб, түүний үйлчилгээнээс татан авах боломжтой файлууд вирус эсхүл бусад хорлон сүйтгэх кодоос ангид байх талаар бид баталгаа гаргах боломжгүй бөгөөд ийм баталгаа гаргадаггүй болохыг Та бүрэн ойлгож байна. Вирусын эсрэг хамгаалалт, өгөгдлийн оролт, гаралтын үнэн зөв байдлыг хангах өөрийн шаардлагад нийцсэн хангалттай журам, хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх, мөн алдагдсан аливаа өгөгдлийг сэргээх зорилгоор Смарт Хаб, түүний үйлчилгээнээс гадуурх хадгалалтын арга хэрэгслийг бүрдүүлэх нь Таны хариуцах асуудал болно.

4.8. Гишүүн дараах үйлдлийг хийхийг хориглоно:

1) Смарт Хабыг Компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эсхүл Компанийн хэвийн үйл ажиллагааг доголдуулах байдлаар ашиглах;

2) бусад этгээдийн хувийн буюу нууц мэдээллийг тэдний тодорхой зөвшөөрөл, эрх олголтгүйгээр Смарт Хабд нийтлэх, байршуулах;

3) мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эсхүл хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон бусад зорилгоор Смарт Хабд хандах, түүнийг ашиглах;

4) Смарт Хаб, түүний системд нийтэд нээлттэй интерфейсээс (үүнд 15.5-д заасны дагуу олгосон API түлхүүрээр ашиглах Смарт Хабын API хамаарна) өөр аргаар хандах;

5) манай нөөцөд зохисгүй хүсэлт, ачааллыг санаатайгаар үүсгэх замаар манай дэд бүтцийг саатуулах, хэт ачаалахыг оролдох (жишээлбэл, “бот” эсхүл бусад автомат систем ашиглан хүн ижил хугацаанд илгээх боломжтой хэмжээнээс давсан давтамжаар манай серверт хүсэлт илгээх); эсхүл

6) вирус илгээх, хэт ачаалах, флүүд хийх, спам илгээх, Смарт Хаб буюу түүний системд мэйл бөмбөгдөлт хийх, эсхүл Смарт Хаб, түүний системд саад учруулах, хэт ачаалал үүсгэхүйц байдлаар Гишүүний баримт мэдээллийг програмчлан үүсгэх зэргээр аливаа гишүүн, сүлжээний нэвтрэлтэд хөндлөнгөөс оролцох, түүнийг тасалдуулах.

5. ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

Смарт Хабыг ашигласны шимтгэл, төлбөрийг Компаниас Танд хүргүүлэх төлбөрийн нэхэмжлэл, эсхүл https://www.obortech.io вэб хуудсанд нийтэлсэн холбогдох үйлчилгээний үнийн хүснэгтээр тодорхойлно. Та Компанид төлбөрийн нэхэмжлэлийг цахим хэлбэрээр илгээх зөвшөөрлийг үүгээр олгож байна.

6. БАТАЛГАА, ХАРИУЦЛАГААС ТАТГАЛЗАХ

6.1. Бид бүх гишүүдээсээ Смарт Хабд хууль ёсны, үнэн зөв, бүрэн гүйцэд гишүүний баримт мэдээлэл оруулахыг шаарддаг. Гэхдээ бид аливаа Гишүүний баримт мэдээллийн хууль ёсны болон үнэн зөв байдалд баталгаа гаргах боломжгүй.

6.2. Та болон Компанийн хоорондын харилцаанд, Таны эцсийн хэрэглэгчид Таны бүртгэлтэй хаягт хандахтай холбоотой аливаа асуудлыг Та дангаараа хариуцна.

6.3. Таны зөвшөөрөл эсхүл баталгаажуулалтын үндсэн дээр Смарт Хабын бусад гишүүд Таны Гишүүний баримт мэдээллийг бизнес хөгжүүлэлт, бүтээгдэхүүний мөшгөлт, маркетинг эсхүл бусад бизнесийн харилцааны зорилгоор ашиглах, хуваалцаж болох бөгөөд Таны эцсийн хэрэглэгчид болон бусад гишүүдийн Таны Гишүүний баримт мэдээлэлд хандахтай холбоотой хариуцлагыг Та өөрөө хүлээхийг ойлгож, зөвшөөрч байна.

6.4. Бид Смарт Хабыг тасралтгүй сайжруулахыг эрмэлздэг. Үүний тулд бид Смарт Хаб хэрхэн ашиглагдаж байгааг илүү сайн ойлгох зорилгоор аналитик арга, технологи ашигладаг.

6.5. Смарт Хабыг ашиглах эсэх нь бүхэлдээ Таны сонголт бөгөөд гарч болзошгүй эрсдэлийг Та өөрөө хариуцна. Смарт Хабыг ашигласан буюу түүнд хандсанаас үүдэн Таны компьютерийн системд учирсан аливаа гэмтэл, өгөгдлийн алдагдлыг Та дангаараа хариуцна.

6.6. Үйлчилгээний нөхцөлд өөрөөр заагаагүй бол Смарт Хаб нь “байгаа байдлаараа” үзүүлэгдэнэ. Үүнтэй холбогдуулан, хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн дээд хэмжээгээр, худалдааны зориулалтад тохирох болон тодорхой зорилгод нийцэх талаарх баталгааг оролцуулан бүх төрлийн баталгааг үүгээр хассан болно. Иргэний хуулиар тодорхойлсон баталгаа мөн хамаарахгүй. Түүнчлэн бид Смарт Хабын контентын талаар ямар нэгэн баталгаа гаргахгүй. Бид дараах зүйлийг баталгаажуулахгүй: (А) Смарт Хаб нь Гишүүний шаардлагыг хангах; (Б) тасралтгүй ажиллагаатай байх, тасалдалгүй, цаг тухайд нь, аюулгүй, алдаагүй ажиллах, вирус болон бусад хортой бүрэлдэхүүн хэсгээс ангид байх; (В) Смарт Хабыг ашигласнаар гарах үр дүн үр ашигтай, үнэн зөв, найдвартай байх; (Г) Смарт Хабын чанар Гишүүний хүлээлтэд нийцэх; мөн (Д) илэрсэн аливаа алдаа, доголдлыг залруулах.

Бидний ашигладаг мөшгих технологи болон күүкиг оролцуулан дэлгэрэнгүй мэдээллийг манай Нууцлалын бодлогоос үзнэ үү.

7. МЭДЭГДЭЛ БА НУУЦЛАЛ

7.1. Смарт Хабын бусад гишүүн Смарт Хабд аливаа гишүүний баримт мэдээлэл оруулах, эсхүл санал хүсэлт, сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд Гишүүнд Смарт Хабд бүртгэлтэй гар утасны дугаар эсхүл цахим шуудангийн хаягаар шуурхай мэдэгдэж болно. Холбогдсон аппликейшний хэрэглэгч мэдэгдлийг Холбогдсон аппликейшнээс түүний Тусдаа дэд бүтцээр дамжуулан хүлээн авна.

7.2. Та Компанийн систем, үйлчилгээг ашиглаж, тэдгээртэй харилцах явцад бид Танд өөрсдийн хэрэгсэл, сайжруулсан үйлчилгээ, дэмжлэгийг үзүүлэх зорилгоор Тантай холбоотой мэдээллийг боловсруулдаг. Энэ нь Смарт Хабаар дамжуулан блокчейн сүлжээнд бүртгэгдсэн мэдээллээс бусад Таны мэдээллийг бид цуглуулж, ашиглаж, дамжуулж, хадгалж, хуваалцаж, устгадаг гэсэн үг юм. Холбогдсон аппликейшний мэдээллийг 15 дугаар зүйл болон Хавсралт 1-ийн дагуу боловсруулна.

7.3. Тал тус бүр нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 1 болон 4 дүгээр зүйлд заасныг оролцуулан, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүйгээр, аль нэг талаас (“Өгөгч тал” гэх) нөгөө талд (“Хүлээн авагч тал” гэх) задруулсан бүх код, шинэ бүтээл, ноу-хау, бизнес, техник, санхүүгийн мэдээлэл нь Өгөгч талын нууц өмч (“Нууц мэдээлэл” гэх) болохыг зөвшөөрч байна. Ингэхдээ тухайн мэдээллийг задруулах үед нууц гэж тэмдэглэсэн байх, эсхүл задруулсан мэдээллийн шинж чанар, задруулсан нөхцөл байдлаас шалтгаалан Хүлээн авагч тал уг мэдээллийг нууц буюу өмчийн шинжтэй гэдгийг үндэслэлтэйгээр мэдэх ёстой байсан байна. Смарт Хабтай холбоотой манай аливаа технологи болон гүйцэтгэлийн талаарх мэдээлэл нь ямар нэгэн тэмдэглэгээ, нэмэлт заалтгүйгээр манай Нууц мэдээлэлд хамаарна. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд Хүлээн авагч тал нь (1) Нууц мэдээллийг нууцлан хадгалж, гуравдагч этгээдэд задруулахгүй байх, мөн (2) энэхүү Нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлэх, эрхээ хэрэгжүүлэхээс бусад зорилгоор Нууц мэдээллийг ашиглахгүй байх үүрэгтэй. Хүлээн авагч тал нь Нууц мэдээллийг зайлшгүй мэдэх шаардлагатай өөрийн ажилтан, агент, гэрээлэгч, төлөөлөгч эсхүл Смарт Хабын бусад гишүүдэд задруулж болох ба ингэхдээ тэдгээр этгээдэд Өгөгч талын өмнө хүлээх нууцлалын үүргээс дутуугүй хамгаалалт бүхий нууцлалын үүрэг хүлээлгэсэн байна. Хүлээн авагч талын нууцлалын үүрэг нь Хүлээн авагч талын дараах байдлаар баримтжуулсан мэдээлэлд хамаарахгүй: (i) Нууц мэдээллийг хүлээн авахаас өмнө хууль ёсоор эзэмшиж байсан буюу мэдэж байсан; (ii) Хүлээн авагч талын буруугүйгээр нийтэд ил болсон буюу болох; (iii) Хүлээн авагч тал нууцлалын аливаа үүргийг зөрчихгүйгээр гуравдагч этгээдээс хууль ёсоор олж авсан; эсхүл (iv) тухайн мэдээлэлд хандах боломжгүй байсан Хүлээн авагч талын ажилтнууд бие даан боловсруулсан. Хүлээн авагч тал нь холбогдох хууль тогтоомж эсхүл шүүхийн шийдвэрээр шаардсан тохиолдолд Нууц мэдээллийг мөн задруулж болно.

7.4. Тал тус бүр нөгөө талаас өгсөн Нууц мэдээллийн нууцлалыг хадгалахын тулд бүх боломжит урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлыг гүйцэтгүүлэхээр даалгасан этгээдээр тухайн мэдээллийн нууцлалыг хадгалуулах үүргийг хүлээнэ.

7.5. Нууцлалын үүрэг нь Үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн уг Нөхцөл цуцлагдсан буюу дуусгавар болсны дараа ч тухайн мэдээллийн нууц шинж чанар алдагдах хүртэл Талуудад хүчин төгөлдөр үйлчилнэ.

7.6. Компани нь Смарт Хаб буюу Смарт Хабын үйл ажиллагааг сурталчлах, маркетинг хийх зорилгоор бидний хамтын ажиллагааны талаарх мэдээллийг, түүний дотор хамтын ажиллагааны сэдэв, хүрээний талаарх мэдээллийг, хамтын ажиллагааны бизнесийн нөхцөлийн дэлгэрэнгүйг задруулахгүйгээр, цаг хугацаа, нутаг дэвсгэрийн хязгаарлалтгүйгээр, харилцаа холбооны хэрэгсэл, хэлбэрийн хязгаарлалтгүйгээр, тухайлбал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, түүнчлэн Компанийн маркетингийн материалд нийтэд түгээж болохыг Та зөвшөөрч байна. Ингэхдээ Та Компанид өөрийн нэр, логог ашиглах зөвшөөрлийг олгож байна.

8. ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

8.1. Үйлчилгээний нөхцөлд өөрөөр заагаагүй бол бид Гишүүн буюу гуравдагч этгээдийн өмнө олох байсан ашиг, шууд бус хохирол, түүнчлэн Гэрээ байгуулах үед урьдчилан таамаглах боломжгүй байсан хохирлыг, тэдгээрийн үндэслэлээс үл хамааран хариуцахгүй бөгөөд үүнд дараах зүйл орох боловч үүгээр хязгаарлагдахгүй: (А) Смарт Хабыг ашиглах боломжгүй болсон, эсхүл өгөгдөл, нэр хүнд, орлого, ашиг алдагдсанаас үүдэлтэй хохирол; (Б) гэрээний, гэм хорын, үйлдэл буюу эс үйлдэхүйн хариуцлагыг оролцуулан хариуцлагын төрлөөс үл хамааран үүсэх хохирол; эсхүл (В) Гишүүн Смарт Хабыг ашигласнаас үүдэлтэй хохирол.

8.2. Смарт Хабыг зохисгүй, ялангуяа түүний зориулалт эсхүл Үйлчилгээний нөхцөлд нийцүүлэлгүйгээр ашигласнаас үүдэн гарсан аливаа хохирлыг бид хариуцахгүй.

8.3. Энэхүү Үйлчилгээний нөхцөлөөс үүдэлтэй буюу түүнтэй холбоотой аливаа тохиолдолд, түүний дотор Үйлчилгээний нөхцөлийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, мөн гэрээний зөрчил болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй байдлыг хамтад нь бүрдүүлж буй тохиолдолд бидний хүлээх хариуцлага нь хариуцлага үүсгэсэн үйл явдлын өмнөх нэг сарын хугацаанд Гишүүнээс Смарт Хабд хандах эрхийн төлөө төлсөн нийт төлбөрийн дүнгээр хязгаарлагдана.

8.4. Энэхүү 8 дугаар зүйл Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшнд мөн хамаарна. Гэхдээ энэ зүйл нь хууль тогтоомжоор хязгаарлах боломжгүй хариуцлагыг, түүний дотор мэдээллийн эзний өмнө хүлээх хариуцлагыг хязгаарлахгүй.

9. НӨХӨН ТӨЛБӨР

Гишүүн нь (i) энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, (ii) бусад гишүүн, аливаа гуравдагч этгээд эсхүл Смарт Хабын хууль ёсны эрх, оюуны өмчийн эрхэд халдсан, эсхүл (iii) Смарт Хабыг ашиглахтай холбоотойгоор холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчсөний улмаас бусад гишүүн, аливаа гуравдагч этгээд эсхүл Компанид учирсан аливаа хохирол, алдагдал, нэхэмжлэл, зардлыг хариуцна.

10. САНАЛ ХҮСЭЛТ

Смарт Хаб нь Танд санал сэтгэгдэл, мэдээлэл болон бусад материалыг (“Санал хүсэлт” гэх) Смарт Хабд оруулах, мөн тухайн Санал хүсэлтийг бусад гишүүдтэй хуваалцах боломжийг олгох тодорхой хэрэгслүүдтэй. Смарт Хабын системээр дамжуулан Санал хүсэлт илгээснээр Та Компанид уг Санал хүсэлтэд хандах, түүнийг ашиглах, хуулбарлах, олшруулах, боловсруулах, өөрчлөх, нийтлэх, дамжуулах, байршуулах, нийтэд харуулах эрхийг аливаа зорилгоор (үүнд гэрчилгээ, сэтгэгдэл болон Компанийн бусад маркетингийн материалд ашиглах, түүнчлэн хууль тогтоомжоор шаардсан эсхүл шүүхийн ажиллагааг сайн санааны үндсэн дээр дагаж мөрдөх зорилгыг оролцуулан) ашиглах лиценз олгож байна.

11. ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ БА МАРГААН ШИЙДВЭРЛЭЛТ

Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон түүнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотой аливаа асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулж, тайлбарлана. Гишүүн болон Компани нь энэхүү Үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр байх хугацаанд болон Смарт Хабыг ашиглахтай холбоотойгоор үүсэж болзошгүй аливаа маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг бүх талаар эрмэлзэнэ. Хэрэв Талууд асуудал үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор эвийн журмаар тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд уг маргааныг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрт хандан, ажиллагаа эхэлсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Арбитрын дүрмийн дагуу эцэслэн шийдвэрлүүлнэ.

12. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ, ЦУЦЛАХ

12.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн үйлчлэх бөгөөд захиалгын бүх хугацаа дуусгавар болох буюу цуцлагдсан өдөр дуусгавар болно. Ингэхдээ Компани Танд Смарт Хабд хандах эрх олгох эрхээ алдсан тохиолдолд бүх захиалга дуусгавар болно.

12.2. Аль нэг Тал нь нөгөө Тал (а) мэдэгдэл хүлээн авснаас хойш гуч (30) хоногийн дотор энэхүү Үйлчилгээний нөхцөлийн ноцтой зөрчлийг арилгаагүй; (б) эрх залгамжлагчгүйгээр үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцөлийг цуцалж болно.

12.3. Та хэдийд ч, ямар ч шалтгаанаар Смарт Хабыг ашиглахаа зогсоож, энэхүү Үйлчилгээний нөхцөлийг цуцлах эрхтэй.

12.4. Аль нэг Тал Үйлчилгээний нөхцөлийг цуцалсан тохиолдолд Гишүүний Смарт Хабыг ашиглах эрх нь цуцалсан өдрөөс эхлэн дуусгавар болно. Цуцлалт нь цуцалж буй Талын энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр эдлэх эрх, хамгаалах арга хэрэгсэлд нөлөөлөхгүй.

12.5. Энэхүү Үйлчилгээний нөхцөл дуусгавар болсон буюу цуцлагдсан тохиолдолд Та Смарт Хабыг ашиглахаа зогсоож, өөрийн эзэмшилд байгаа бидний бүх Нууц мэдээлэл болон бусад материалыг, түүний дотор Таны нэрийн өмнөөс ажиллаж буй гуравдагч этгээдийн системд байгааг оролцуулан устгах (эсхүл бидний хүсэлтээр буцаан өгөх) үүрэгтэй. Бидний хүсэлтээр Та ийнхүү устгасныг баталгаажуулна. Энэхүү Үйлчилгээний нөхцөл дуусгавар болсон буюу цуцлагдсаны дараа Та өөрийн өгөгдөлд хандах боломжгүй болно (мөн хууль тогтоомжоор хориглоогүй бол бид Таны бүх өгөгдлийг устгаж болно), иймд Та Нөхцөл хүчинтэй байх хугацаанд Смарт Хабын функцийг ашиглан өөрийн өгөгдлийг заавал татаж авахыг анхаарна уу.

12.6. Хувийн мэдээлэл нь Смарт Хабаас Танд үзүүлэх үйлчилгээтэй холбоотойгоор цаашид шаардлагагүй болсон тохиолдолд Та Смарт Хабын үйлчилгээнд хадгалагдаж буй өөрийн Хувийн мэдээллийг нэн даруй устгуулахыг биднээс шаардах эрхтэй. Гэхдээ бид Смарт Хабаар дамжуулан блокчейн сүлжээнд хадгалагдсан Таны Хувийн мэдээлэл болон бусад мэдээлэлд хандах боломжгүй тул тухайн блокчейн сүлжээнд хадгалагдсан Таны Хувийн мэдээлэл буюу бусад мэдээллийг устгах боломжгүй болохыг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг манай Нууцлалын бодлогоос үзнэ үү. Харин Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшнд хадгалагдаж буй Хувийн мэдээллийг Гишүүн холбогдох бүртгэлийг хуулиар хадгалах үүрэгтэй хугацааг харгалзан Хавсралт 1-ийн дагуу тэнд нь залруулах, устгах боломжтой.

12.7. Энэхүү Үйлчилгээний нөхцөл, эсхүл Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшний үйлчилгээ дуусгавар болсон буюу цуцлагдсан тохиолдолд Холбогдсон аппликейшний мэдээллийг Хавсралт 1-ийн 9 дэх заалтын дагуу буцаан өгөх буюу устгана. Блокчейн сүлжээнд аль хэдийн бүртгэгдсэн Смарт Хабын бүртгэл хэвээр үлдэнэ.

13. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

13.1. Доор заасан зохицуулалтыг харгалзан, аль ч Тал Давагдашгүй хүчин зүйлийг бүрдүүлэх нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйд хариуцлага хүлээхгүй.

13.2. Давагдашгүй хүчин зүйлийг бүрдүүлэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд, уг шалтгаанаар энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон Тал нь тухайн нөхцөл байдал өөрт нь мэдэгдэж байгаа тохиолдолд, ийм нөхцөл байдал үүссэнийг илрүүлснээс хойш 1 (нэг) хоногоос хэтрэхгүй хугацаанд Давагдашгүй хүчин зүйл үүссэн тухай, түүний шалтгаан болон уг нөхцөл байдал дуусгавар болох таамаглаж буй хугацааг нөгөө Талд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Өмнөх өгүүлбэрт заасан хугацаанд Давагдашгүй хүчин зүйл үүссэн тухай нөгөө Талд мэдэгдээгүй тохиолдолд, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй Тал нь Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг хязгаарлах буюу үгүйсгэх нөхцөл байдал болгон Давагдашгүй хүчин зүйлийг үндэслэн иш татах эрхээ алдана.

13.3. Давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй үйл явдал үүссэн ч, түүний нөлөөнд өртсөн Тал нь Давагдашгүй хүчин зүйл нь тухайн үүргийг зохих ёсоор биелүүлэхэд саад болоогүй хэмжээгээр энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан бусад үүргээ биелүүлэх бөгөөд Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үүргийн хувьд, Давагдашгүй хүчин зүйлийг бүрдүүлэх нөхцөл байдал арилсны дараа уг үүргээ нэн даруй биелүүлнэ.

13.4. Давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд Талууд энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлэх арга, зарчмын талаар, түүнчлэн Давагдашгүй хүчин зүйлийг бүрдүүлэх үйл явдлын үр дагаврыг арилгах арга, зарчмын талаар тохиролцохын тулд боломжит бүхий л хүчин чармайлт гаргах үүрэг хүлээнэ. Өмнөх өгүүлбэрт дурдсан Талуудын тохиролцоог хүчин төгөлдөр бус болохоос сэргийлж заавал бичгээр үйлдэнэ.

14. ЗААЛТЫН ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙДАЛ

Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн аль нэг заалтыг хүчин төгөлдөр бус буюу хэрэгжих боломжгүй гэж тогтоосон нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн бусад хэсэгт нөлөөлөхгүй бөгөөд тэдгээр нь хүчин төгөлдөр хэвээр байна.

15. ХОЛБОГДСОН АППЛИКЕЙШН БА ТУСДАА ДЭД БҮТЭЦ

15.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

(а) “Холбогдсон аппликейшн” гэж Смарт Хабын бүрэлдэхүүн хэсэгт хамаарахгүй, Тусдаа дэд бүтэц дээр ажилладаг, Смарт Хабын API-аар дамжуулан Смарт Хабтай мэдээлэл солилцдог програм хангамжийг;

(б) “Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшн” гэж Компани, Компанийн хамаарал бүхий этгээд, эсхүл Компанийн татан оролцуулсан туслан боловсруулагч Гишүүнд зориулан байршуулж, ажиллуулж, эсхүл засвар үйлчилгээ хийж буй Холбогдсон аппликейшнийг;

(в) “Тусдаа дэд бүтэц” гэж Холбогдсон аппликейшний ашигладаг, Смарт Хаб болон түүний блокчейн сүлжээний системээс тусдаа, тэдгээрийн бүрэлдэхүүнд хамаарахгүй сервер, өгөгдлийн сан, файл хадгалах, нэвтрэлт, байршуулалт болон мэдэгдэл илгээх үйлчилгээг;

(г) “Холбогдсон аппликейшний мэдээлэл” гэж Холбогдсон аппликейшнд боловсруулж буй бүх мэдээллийг, түүний дотор түүний хэрэглэгчид болон бусад хувь хүний Хувийн мэдээллийг;

(д) “Смарт Хабын бүртгэл” гэж Холбогдсон аппликейшнээс Смарт Хабд, түүний дотор блокчейн сүлжээнд бүртгүүлэхээр илгээж буй үйл явдал, баримт бичиг, маягтын утга, файл эсхүл хэш утгыг;

(е) “Лавлах код” гэж хэрэглэгч болон бусад хувь хүнийг зөвхөн Холбогдсон аппликейшний дотор ялгах зориулалттай, дангаараа тухайн хүнийг тодорхойлох боломжгүй код, дугаар эсхүл үүргийн нэрийг, тухайлбал нэвтрэх код, ажлын үүргийг.

15.2. Холбогдсон аппликейшнд зориулан боловсруулж буй Хувийн мэдээллийг Лавлах кодыг хувь хүнтэй холбож буй аливаа Холбоос файлын хамт түүний Тусдаа дэд бүтцэд хадгална. Холбогдсон аппликейшн нь нэр болон бусад танигчийн оронд Лавлах код ашиглан, Хувийн мэдээлэл агуулаагүй Смарт Хабын бүртгэлийг л Смарт Хабд илгээнэ. Хувь хүний нэр, гарын үсэг, хүний дүрс бүхий зураг, холбоо барих мэдээлэл, эрүүл мэндийн мэдээлэл болон бусад аливаа Хувийн мэдээллийг Смарт Хабын бүртгэлд, түүний дотор түүнд хавсаргасан баримт бичигт оруулахгүй.

15.3. Компани Смарт Хаб болон Холбогдсон аппликейшнийг аль алийг нь ажиллуулж байгаа тохиолдолд Лавлах код бүхий Смарт Хабын бүртгэлийг Холбоос файлтай нэгтгэвэл хувь хүнийг тодорхойлох боломжтой хэвээр байх тул уг бүртгэлийг Хувийн мэдээллийн хуулийн 4.1.13-т заасан хүнийг тодорхойлох боломжгүй болгосон мэдээлэлд бүрэн тооцохгүй болохыг Гишүүн хүлээн зөвшөөрч байна. Иймд Компани Холбоос файлыг зөвхөн Тусдаа дэд бүтцэд, Смарт Хабын хандалтын эрхээс тусдаа хяналттайгаар хадгалах бөгөөд Гишүүний баримтжуулсан зааварчилгаагүйгээр Смарт Хабын бүртгэлийг Холбоос файлтай нэгтгэхгүй. Лавлах кодын Холбоос файл дахь бичлэгийг устгасны дараа тухайн кодыг агуулсан Смарт Хабын бүртгэлийг хувь хүнтэй холбох боломж олгох өөр аливаа мэдээллийг Компани хадгалахгүй.

15.4. Компани Гишүүнд зориулан Холбогдсон аппликейшнийг байршуулж, ажиллуулж, эсхүл засвар үйлчилгээ хийж байгаа тохиолдолд: (а) Гишүүн нь Холбогдсон аппликейшний мэдээллийн хувьд мэдээлэл хариуцагч байх бөгөөд Компани нь Хувийн мэдээллийн хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Гишүүний өмнөөс уг мэдээллийг Хавсралт 1-ийн дагуу боловсруулах мэдээлэл боловсруулагч байна; (б) Компани нь Холбогдсон аппликейшн болон Смарт Хабын хоорондын холболтыг зөвхөн 15.2-т нийцсэн Смарт Хабын бүртгэл илгээгдэхээр тохируулна; (в) Компани болон түүний хамаарал бүхий этгээдийн ажилтнууд Холбогдсон аппликейшний мэдээлэлд зөвхөн Холбогдсон аппликейшнийг байршуулах, дэмжлэг үзүүлэх, хамгаалах, засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай хэмжээгээр хандана; (г) Холбогдсон аппликейшний боломж, үйлчилгээний түвшин, төлбөр, хугацааг тухайн аппликейшнд хамаарах тусгай нөхцөл болон 5 дугаар зүйлд заасан үнийн хүснэгтээр тодорхойлно. Эдгээрийн аль нэг нь Хувийн мэдээллийн талаар Хавсралт 1-тэй зөрчилдвөл Хавсралт 1-ийг баримтална.

15.5. Холбогдсон аппликейшн нь Гишүүн эсхүл түүний Смарт Хабын хэрэглэгчид олгосон API түлхүүрээр дамжуулан Смарт Хабд үйлдэл хийнэ. API түлхүүр нь түүнийг олгосон хэрэглэгчийн эрхтэй адил эрхтэй байх бөгөөд холбогдох Смарт Хабын төслийн дүрэмд захирагдана. Холбогдсон аппликейшнээр дамжуулан илгээсэн, баталсан эсхүл буцаасан Смарт Хабын бүртгэлийг Гишүүн илгээсэн, баталсан эсхүл буцаасанд тооцох бөгөөд блокчейн сүлжээнд бүртгэгдсэний дараа түүнийг 3.6-д заасны дагуу өөрчлөх, устгах боломжгүй. Компани Холбогдсон аппликейшнийг ажиллуулж байгаа тохиолдолд Гишүүн Компанид API түлхүүрийг зөвхөн энэ зорилгоор ашиглах эрх олгож байна. Тал тус бүр өөрийн эзэмшилд байгаа API түлхүүрийг нууцлан хадгалах бөгөөд түлхүүр алдагдсан байж болзошгүй бол нөгөө Талд нэн даруй мэдэгдэнэ. Компани Смарт Хабыг хамгаалах зорилгоор API түлхүүрийн үйлчлэлийг түр зогсоож болно.

15.6. Гишүүн эсхүл гуравдагч этгээдийн бүтээсэн буюу ажиллуулж буй Холбогдсон аппликейшнийг Компани үзүүлэхгүй. Уг аппликейшн, түүний Тусдаа дэд бүтэц, түүний 15.2-т нийцэх байдал болон түүний ашиглаж буй API түлхүүрийг Гишүүн хариуцна. Компани ийм аппликейшнд Хувийн мэдээлэл боловсруулахгүй бөгөөд түүнийг хариуцахгүй.

15.7. Компани Холбогдсон аппликейшний мэдээллийг боловсруулж эхлэхээс өмнө Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшний Тусдаа дэд бүтэц байрлах бүс нутаг болон ашиглах туслан боловсруулагчдыг Хавсралт 1-ийн А хэсэгт тусгаснаар Гишүүнд мэдэгдэнэ. Тусдаа дэд бүтэц Монгол Улсаас гадна байрлах, эсхүл гадаад улсын туслан боловсруулагч ашиглах тохиолдолд 3.4 болон Хавсралт 1-ийн 7 дахь заалт үйлчилнэ. Гишүүний хүсэлтээр, боломжтой тохиолдолд Компани Тусдаа дэд бүтцийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж болох бөгөөд түүний нөхцөл, төлбөрийг Талууд тохиролцоно.

15.8. Холбогдсон аппликейшн тухайн зорилгоор бүтээгдээгүй, эсхүл Хавсралт 1-ийн А хэсэгт тусгаагүй бол Гишүүн хүүхдийн Хувийн мэдээллийг Холбогдсон аппликейшнд бүртгэхгүй. Ийнхүү бүртгэхэд зөвшөөрөл шаардлагатай бол Гишүүн Хувийн мэдээллийн хуулийн 8.5-д заасны дагуу хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрөл авна.

15.9. Смарт Хаб болон Холбогдсон аппликейшн нь тусдаа үйлчилгээ болно. Холбогдсон аппликейшний тасалдал, өөрчлөлт эсхүл дуусгавар болох нь аль хэдийн бүртгэгдсэн Смарт Хабын бүртгэлд нөлөөлөхгүй бөгөөд Смарт Хабын тасалдал нь Холбогдсон аппликейшний мэдээлэлд нөлөөлөхгүй. Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшнд 6 дугаар зүйл хамаарна. Туршилтын хувилбарыг үнэлэх зорилгоор ашиглуулна.

15.10. Холбогдсон аппликейшний мэдээлэл нь 7.3-т заасан Гишүүний Нууц мэдээлэлд хамаарна.

15.11. Хүн Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшнийг анх ашиглахаас өмнө аппликейшн нь Гишүүнд хамаарах хувилбарын энэхүү Үйлчилгээний нөхцөл, тухайн аппликейшнд хамаарах тусгай нөхцөл болон Хувийн мэдээллийн хуулийн 8.2-т заасан мэдэгдлийг тухайн хүнд харуулж, түүний хүлээн зөвшөөрсөн байдал, сонголт, харуулсан хувилбар, огноог бүртгэнэ. Аль нэг нь агуулгын хувьд өөрчлөгдвөл аппликейшн дахин харуулна. Гишүүн нь өөрийн нэрийн өмнөөс зөвшөөрсөн энэхүү Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй хэвээр байх бөгөөд хэрэглэгчийн хүлээн зөвшөөрөл нь тухайн хэрэглэгч аппликейшнийг ашиглахдаа уг нөхцөлийг дагаж мөрдөхийг баталгаажуулна.

Хэрэв Танд тодруулах зүйл гарвал info@obortech.io цахим шуудангийн хаягаар бидэнд илгээнэ үү.

ХАВСРАЛТ 1 · КОМПАНИЙН АЖИЛЛУУЛДАГ ХОЛБОГДСОН АППЛИКЕЙШНД ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ НӨХЦӨЛ

Энэхүү Хавсралт нь Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг байна. Компани Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшнд Холбогдсон аппликейшний мэдээллийг боловсруулах бүх тохиолдолд энэхүү Хавсралт үйлчлэх бөгөөд энэ нь Хувийн мэдээллийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан гэрээ болно. Үйлчилгээний нөхцөлд тодорхойлсон нэр томьёог энэхүү Хавсралтад мөн утгаар хэрэглэнэ.

1. Талуудын эрх зүйн байдал. Гишүүн нь Холбогдсон аппликейшний мэдээллийн хувьд мэдээлэл хариуцагч, Компани нь мэдээлэл боловсруулагч байна. Мэдээлэл боловсруулах хууль ёсны үндэслэлийг (Хувийн мэдээллийн хуулийн 6, 7, 9 дүгээр зүйл), түүний дотор шаардлагатай тохиолдолд хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу бичгээр эсхүл цахим хэлбэрээр зөвшөөрөл авах, мэдээллийн эзэнд хуулийн 8.2 болон 21 дүгээр зүйлд заасан мэдээллийг өгөх үүргийг Гишүүн хариуцна. Компани мэдээлэл боловсруулах зорилгыг тодорхойлохгүй бөгөөд Холбогдсон аппликейшний мэдээллийг өөрийн зорилгоор ашиглахгүй. Холбогдсон аппликейшн нь Гишүүний нэрийн өмнөөс мэдэгдлийг хэрэглэгч бүрт анх нэвтрэхэд болон агуулга нь өөрчлөгдөх бүрд харуулж, түүний бүртгэлийг хадгална (15.11).

2. Боловсруулалтын тодорхойлолт. Хувийн мэдээллийн хуулийн 19.2-т заасан мэдээлэл боловсруулах зорилго, хугацаа, мэдээллийн жагсаалт болон мэдээллийн эзний эрхийг хамгаалах нөхцөлийг Холбогдсон аппликейшн тус бүрээр А хэсэгт, хамгаалалтын арга хэмжээг Б хэсэгт тус тус тусгана.

3. Зааварчилгаа. Компани Холбогдсон аппликейшний мэдээллийг Гишүүний хяналтад, зөвхөн Гишүүний баримтжуулсан зааварчилгааны дагуу, түүний дотор гадаад улсад дамжуулах талаарх зааварчилгааны дагуу боловсруулна. Үйлчилгээний нөхцөл, Гишүүний сонгосон Холбогдсон аппликейшний тохиргоо, Гишүүнээс цахим шуудангаар эсхүл бусад хэлбэрээр бичгээр өгсөн зааварчилгаа нь Гишүүний баримтжуулсан зааварчилгаа болно. Компани Хувийн мэдээллийн хуулийн 19.4.2-т заасны дагуу Гишүүний зааварчилгаагаар мэдээллийг залруулах, өөрчлөх, устгах бөгөөд аливаа зааварчилгаа хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзвэл энэ тухай Гишүүнд нэн даруй мэдэгдэнэ.

4. Нууцлал. Компани Холбогдсон аппликейшний мэдээллийг боловсруулах эрх бүхий этгээд нууцлалын үүрэг хүлээсэн, эсхүл хуулиар нууцлалын үүрэгтэй байхыг хангана.

5. Аюулгүй байдал. Компани Хувийн мэдээллийн хуулийн 20 дугаар зүйл болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан мэдээллийн аюулгүй байдлын шаардлагад нийцсэн, түүний дотор Б хэсэгт заасан арга хэмжээг авч, Холбогдсон аппликейшн өөрчлөгдөх бүрд эргэн хянана.

6. Туслан боловсруулагч. Хувийн мэдээллийн хуулийн 19.3-т заасны дагуу Гишүүн А хэсэгт заасан туслан боловсруулагчдыг ашиглахыг үүгээр зөвшөөрч байна. Компани туслан боловсруулагч нэмэх эсхүл солихоор төлөвлөж байгаа бол энэ тухай Гишүүнд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх бөгөөд Гишүүн тухайн хугацаанд хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой үндэслэлтэй шалтгаанаар татгалзаж болно. Татгалзлыг шийдвэрлэх боломжгүй бол Гишүүн Холбогдсон аппликейшний үйлчилгээг торгуульгүйгээр дуусгавар болгож болно. Компани туслан боловсруулагч бүрд энэхүү Хавсралтаас дутуугүй хамгаалалт бүхий үүргийг гэрээгээр хүлээлгэх бөгөөд туслан боловсруулагчийн үүргийн биелэлтийг Гишүүний өмнө хариуцна.

7. Гадаад улсад дамжуулах. Тусдаа дэд бүтэц Монгол Улсаас гадна байрлах, эсхүл гадаад улсын туслан боловсруулагч Холбогдсон аппликейшний мэдээлэлд хандах тохиолдолд уг мэдээллийг Хувийн мэдээллийн хуулийн 14.1-д заасны дагуу зөвхөн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан, эсхүл мэдээллийн эзэн зөвшөөрөл өгсөн тохиолдолд дамжуулна. Гишүүн мэдээллийн эзэн бүрээс хуулийн 8.2–8.4-т нийцүүлэн бичгээр эсхүл цахим хэлбэрээр зөвшөөрөл авч, түүнийг нотлох баримтыг хадгална. Гишүүний нэрийн өмнөөс Холбогдсон аппликейшн анх нэвтрэх үед мэдэгдэл, зөвшөөрөл авах дэлгэцийг харуулж, зөвшөөрлийн бүртгэлийг (мэдэгдлийн хувилбар, огноо, сонголт) хадгална (15.11); гэхдээ зөвшөөрөл авах үүргийг Гишүүн хариуцна. Мэдээллийн эзэн зөвшөөрөл өгөөгүй, эсхүл зөвшөөрлөө цуцалсан бол Гишүүн түүний Хувийн мэдээллийг Монгол Улсаас гадна байрлах Тусдаа дэд бүтцэд бүртгэхгүй.

8. Туслалцаа ба зөрчлийн мэдэгдэл. Компани боловсруулалтын шинж чанарыг харгалзан: (а) мэдээллийн эзэн өөрийн мэдээлэлтэй танилцах, залруулах, устгуулах зэрэг эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэд хариу өгөхөд Холбогдсон аппликейшний функц эсхүл бусад хэлбэрээр Гишүүнд туслах бөгөөд өөрт шууд ирсэн ийм хүсэлтийг Гишүүнд нэн даруй шилжүүлэх; (б) Хувийн мэдээллийн хуулийн 19.4.3-т заасны дагуу мэдээлэл цуглуулах, боловсруулахтай холбоотой шаардлагатай мэдээллийг Гишүүнд өгөх; (в) Холбогдсон аппликейшний мэдээлэлд холбогдох зөрчил гарсныг мэдсэн даруйд, ямар ч тохиолдолд 24 цагийн дотор хуулийн 22.1-д заасны дагуу Гишүүнд мэдэгдэж, тухайн үед байгаа мэдээллийг, дараа нь нэмэлт мэдээллийг гарах тусам өгөх; (г) хуулийн 22.2-т заасны дагуу мэдээллийн эзэнд мэдэгдэх, 22.6-д заасны дагуу Хүний эрхийн үндэсний комисст бүртгэл хүргүүлэхэд Гишүүнд туслах үүрэгтэй.

9. Буцаан өгөх, устгах. Холбогдсон аппликейшний үйлчилгээ дуусгавар болоход Гишүүн 30 хоногийн дотор Холбогдсон аппликейшний функцээр эсхүл хүсэлт гарган Холбогдсон аппликейшний мэдээллийг татаж авч болно. Энэ хугацаа дууссаны дараа Компани Хувийн мэдээллийн хуулийн 19.4.5-д заасны дагуу Холбогдсон аппликейшний мэдээллийг хуулбар үлдээлгүйгээр устгах бөгөөд нөөц хуулбарыг түүний ердийн мөчлөг дуусахад устгана. Хууль тогтоомжоор хадгалахыг шаардсан тохиолдолд энэ журам хамаарахгүй. Гишүүн Холбогдсон аппликейшнд хадгалагдаж буй бүртгэлийг хуулиар тодорхой хугацаанд хадгалах үүрэгтэй бол устгахаас өмнө түүнийг татаж авах, эсхүл тухайн хугацаанд хадгалуулахаар Талуудын тохиролцсон нөхцөлөөр Компанид бичгээр даалгана.

10. Мэдээлэл өгөх, хяналт шалгалт. Компани энэхүү Хавсралтыг биелүүлж буйг нотлоход шаардлагатай мэдээллийг Гишүүнд өгөх бөгөөд Гишүүн эсхүл түүний томилсон, нууцлалын үүрэг хүлээсэн аудиторын хийх шалгалт, түүний дотор газар дээрх үзлэгт оролцож, дэмжлэг үзүүлнэ. Шалгалтыг 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэний үндсэн дээр, Гишүүний зардлаар, 12 сарын хугацаанд нэгээс илүүгүй удаа хийнэ. Зөрчил гарсан, эсхүл эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд энэ хязгаарлалт хамаарахгүй.

11. Бүртгэл хөтлөх. Гишүүн Хувийн мэдээллийн хуулийн 18.2.12-т заасан мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах бүртгэлийг хөтлөхөд шаардлагатай мэдээллийг Компани Холбогдсон аппликейшний мэдээллийн хувьд хөтөлж, Гишүүнд гаргаж өгнө.

12. Хариуцлага ба давуу хүчин. Энэхүү Хавсралтад Үйлчилгээний нөхцөлийн 8 дугаар зүйл 8.4-т заасны дагуу хамаарна. Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшн дэх Хувийн мэдээллийн талаар зөрчилдөөн гарвал энэхүү Хавсралтыг Үйлчилгээний нөхцөлийн бусад заалт болон тухайн аппликейшнд хамаарах тусгай нөхцөлөөс давуу хүчинтэйд тооцно.

А ХЭСЭГ — БОЛОВСРУУЛАЛТЫН ТОДОРХОЙЛОЛТ

Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшн тус бүрийн боловсруулалтыг тухайн аппликейшнд хамаарах тусгай нөхцөлд тодорхойлж, 15.11-д заасны дагуу хэрэглэгчдэд харуулах бөгөөд уг тодорхойлолт нь тухайн аппликейшний хувьд энэ хэсгийг бүрдүүлнэ. Компани тодорхойлолтыг Хавсралтын 6 дахь заалтын дагуу мэдэгдэл хүргүүлэн шинэчилнэ. Тодорхойлолт бүрт дараах зүйлийг тусгана:

Холбогдсон аппликейшн: нэр, зорилго.

Мэдээллийн эзэд: аппликейшний хэрэглэгчид болон аппликейшнд мэдээлэл нь бүртгэгдэх бусад хувь хүн.

Мэдээллийн жагсаалт: аппликейшний боловсруулах хувийн мэдээлэл.

Эмзэг мэдээлэл: 3.5-д зөвшөөрснөөс бусад тохиолдолд боловсруулахгүй; эмзэг мэдээллийг Смарт Хабд хэзээ ч илгээхгүй.

Зорилго, шинж чанар: аппликейшн мэдээллийг ямар зорилгоор, хэрхэн боловсруулах, түүний дотор Хувийн мэдээлэлгүй Смарт Хабын бүртгэл илгээх.

Мэдээллийн эзний эрхийг хамгаалах нөхцөл: мэдээллийн эзэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх; Смарт Хабд зөвхөн Лавлах код хүрнэ (15.2).

Хугацаа: Холбогдсон аппликейшний үйлчилгээний хугацаа, түүн дээр Гишүүний тогтоосон хадгалах хугацаа (хуулиар тогтоосон хугацаанаас багагүй), мөн Хавсралтын 9 дэх заалтад заасан хугацаа.

Байршил: Тусдаа дэд бүтэц байрлах бүс нутаг (15.7); Монгол Улсаас гадна байрлавал 3.4 болон Хавсралтын 7 дахь заалт үйлчилнэ.

Туслан боловсруулагч: ашиглах туслан боловсруулагч, тус бүрийн гүйцэтгэх ажил (Хавсралтын 6 дахь заалт).

Б ХЭСЭГ — ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ

Дараах арга хэмжээ Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшн бүрд үйлчилнэ. Тухайн аппликейшнд хамаарах нэмэлт арга хэмжээг түүний А хэсгийн тодорхойлолтод тусгана.

  • Мэдээллийг дамжуулах болон хадгалах үед шифрлэнэ.
  • Гишүүн тус бүрийн мэдээллийг өгөгдлийн сангийн хандалтын дүрмээр тусгаарлах бөгөөд хэрэглэгч зөвхөн өөрт оноосон мэдээлэл, үүргийг харна.
  • Хэрэглэгчийн эрх Смарт Хабын төслийн дүрэмтэй (илгээх, батлах, харах) нийцнэ.
  • Хэрэглэгч бүр өөрийн хаягаар нэвтэрнэ; урилгын нэг удаагийн холбоос, код хугацаа дуусахад хүчингүй болно.
  • Баталсан бүртгэлийг өөрчлөхгүй; залруулга нь шинэ бүртгэл байх бөгөөд өөрчлөлтийн бүртгэлд зөвхөн нэмж бичнэ.
  • Холбоос файл болон Холбогдсон аппликейшний бүх мэдээллийг зөвхөн Тусдаа дэд бүтцэд хадгалах бөгөөд Смарт Хабын API түлхүүрийг серверт нууцаар хадгалж, хэрэглэгчийн төхөөрөмж дээрх аппликейшнд хэзээ ч оруулахгүй.
  • Нөөц хуулбар хийж, түүнийг сэргээх ажиллагааг туршина; Компанийн ажилтны хандалтыг хязгаарлаж, бүртгэж, хянана.
  • Хувийн мэдээллийн хуулийн 20.1.2-т заасан мэдээлэл алдагдсан үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байна.